Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт 4 - Зайнаас ажиллах

2020-12-09

Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт 4 - Зайнаас ажиллах
  1. Зайнаас ажиллах боломжгүй ажилтнуудын хувьд яах вэ? Тухайлбал үйлчлэгчийн орон тоо хасагдсан гэдгээр шууд ажлаас халж болох уу?

Орон тоо хасагдах нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл мөн боловч орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс уг ажлын байр үгүй болохыг ойлгодог. Өөрөөр хэлбэл ажилтны оронд эргээд ажилтан авах хэрэгцээ гарах нь илт бол зохион байгуулалтын бүтцээс үгүй болсон гэж үзэхгүй бөгөөд нөхцөл байдал эргэж хэвэндээ орох хүртэл ажлын байрыг хадгалах асуудал яригдана. Харин цар тахал зэргээс хамааралгүйгээр зайнаас ажиллах горимд шилжиж буй байгууллагын хувьд тухайн ажлын байрны хэрэгцээ цаашид үгүй болохоор бол орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нээлттэй байна.

  1. Гэрээр, оффисоор ээлжилж ажиллах тохиолдолд цалинг багасгаж болох уу?

Цалин хөлс нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгож буй мөнгө юм. Иймд хаана байгаагаас үл хамааран гэрээнд заасан ажил үүргийг хэвийн гүйцэтгэж байвал хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалинг  олгох ёстой. Харин гэрээс ажилласнаар зарим ажил үүргийг гүйцэтгэхболомжгүй болох, ажлын цаг нь багасахаар байвал ажлын цагийг богиносгон цагт тохируулан цалингийн хэмжээг багасгах, эсхүл цалинг хийснээр олгох гэсэн сонголтууд байж болно. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд өөрчлөлт орох тул ажилтанд мэдэгдэх, тохиролцохыг анхаарна уу.

  1. Гэрээс онлайнаар ажиллах журам баталсан. Энэ үед Хөдөлмөрийн дотоод журам давхар үйлчилсэн хэвээр байх уу? 

Хөдөлмөрийн дотоод журам нь ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн харицаа байгаа цагт хөдөлмөрийн гэрээний хугацааны туршид үйлчлэх баримт бичиг юм. Гэрээс ажиллаж буй ажилтан өгсөн үүрэг даалгаварыг цагтаа явуулахгүй бол ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулж болох бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэнэ. Харин онлайнаар ажиллах журамдаа дотоод журмын гэрээс ажиллах үед хэрэгжих боломжгүй хэсгийг хэрхэн зохицуулж байгааг тусгаж, харилцан нөхөх байдлаар хэрэглэх нь үр дүнтэй юм.

  1. Гэрээс ажиллах явцад хэрэгцээт техник, багаж хэрэгслээр хангах үүргийг хэн нь хүлээх ёстой вэ?

Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй бөгөөд гэрээр ажиллаж байгаа нөхцөлд ч энэ үүрэг хэвээр байна. Гэвч ажилтан ч өөрийн зүгээс зохих бэлтгэлийг хангаж, аюулгүй байдал, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх орчинг бий болгох чармайлт хэрэгтэй.