#5 ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫН АЧ ХОЛБОГДОЛ БА АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

2021-07-05

#5 ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫН АЧ ХОЛБОГДОЛ БА АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

iGeree төсөл нь хэрэглэгчдийнхээ хууль эрх зүйн мэдлэгт хувь нэмэр оруулахаар цуврал нийтлэлүүд бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаа бид аливаа албан байгууллагын дотоод хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг буюу тухайн байгууллагын төдийгүй ажилтны бүтээмж, өсөлт хөгжилтэй шууд хамааралтай хөдөлмөрийн дотоод журмын тухай нийтлэлээ бэлтгэн хүргэж байгааг хүлээн авна уу.

Хөдөлмөрийн дотоод журмын тухай үндсэн ойлголт

Хөдөлмөрийн дотоод журам нь байгууллагын дотоод хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулсан, ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан ажил олгогчийн батлан мөрдүүлдэг байгууллагын нэн чухал баримт бичиг юм.

Хэдийгээр ажил олгогч, ажилтан хоёр талын харилцааг хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлцэл зэрэг бусад баримт бичгээр давхар зохицуулдаг ч хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч дангаараа батлан мөрдүүлдгээрээ эдгээр баримт бичгээс ялгардаг.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг талаас ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх эрхтэй, үүнийг ажил олгогч дагаж мөрдөх үүрэгтэй бол нөгөө талаас ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэг хүлээдэг.

Хөдөлмөрийн дотоод журмаар Хөдөлмөрийн хуулийн дагуу зарим харилцааг зохицуулах нь

Хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан бүрийн хөдөлмөрийн гэрээнд тухайлан зохицуулснаас бусад нийт ажилтанд хамааралтай хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг ач холбогдолтой. Жишээлбэл доор дурьдах хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулдаг бөгөөд Хөдөлмөрийн хуулийн дагуу зарим харилцааг заавал хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулахыг шаарддаг. Үүнд:

  • Хөдөлмөр зохион байгуулалт;
  • Ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлага;
  • Туршилтын болон дагалдах ажиллуулах хугацаа;
  • Өдрийн ажлын цаг, завсарлага эхлэх, дуусах цаг, амралтын цаг, ээлжийн амралтын хуваарь;
  • Цалин хөлс, олговор, урамшуулал;
  • Сахилгын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага;
  • Чөлөө хүсэх болон олгох;
  • Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох эсэх.

Иймд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулж буй бол эдгээр нөхцөлүүдийг оруулсан эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд байгууллагынхаа онцлогоос шалтгаалан бусад зохицуулалтуудыг оруулж өгөх нь зүйтэй. Ингэхдээ байгууллагынхаа бүтэц, хүний нөөц, цалингийн болон бусад үйл ажиллагааны төсөв, тогтмол, урсгал зардал зэргийг зайлшгүй анхаарах ба хөдөлмөрийн дотоод журам хэрэгжих боломжит байдлыг тооцоолохыг зөвлөж байна. Мөн хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээнд нийцэж байгаа эсэхийг заавал хянаарай.

Хөдөлмөрийн дотоод журам боловсруулахын ач холбогдол

Байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлснээр ажилтан, ажил олгогч нарын хөдөлмөрийн харилцааг хялбарчлан зохицуулах төдийгүй хөдөлмөрийн харилцааг ойлгомжтой, тодорхой болгох ач холбогдолтой юм. Түүнчлэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй асуудлуудыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах боломжтой байдгаараа онцлог. Гэвч практикт хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан аливаа асуудал хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөрөөр зохицуулсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг илүү нарийвчилсан, ажилтантай нэг бүрчлэн тухайлан тохиролцсон зохицуулалттай гэдэг үүднээс илүүтэй хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг дагаж мөрдөх хандлагатай болохыг анхаарууштай.

Мөн ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдөөгүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулсан зөрчлийн нэг хэлбэр бөгөөд хөдөлмөрийн дотоод журам батлаагүйгээс хохирол учирсан бол буруутай этгээд учруулсан хохирлоо болон мөнгөн торгууль төлөх эрх зүйн үр дагавартай байдаг. Иймд хөдөлмөрийн дотоод журмаа батлах нь эрх зүйн үүднээс харахад зөрчил гаргахаас зайлсхийх ач холбогдолтой.

Хэрэв танай байгууллага хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулах гэж буй бол хөдөлмөрийн дотоод журмыг бичгээр боловсруулж, дээрх заавал тусгавал зохих зүйлсийг дотоод журамдаа тусгахаа бүү мартаарай. Мөн дээрх шаардлагыг бүрэн хангасан Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг цогцоор нь www.igeree.mn  сайтаас өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан угсран авах боломжийг бий болгон ажиллаж байна.

 

~oOo~