Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурронтой зорчигчид нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцох ёстой вэ? (1-р хэсэг)

2023-08-09

Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурронтой зорчигчид нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцох ёстой вэ? (1-р хэсэг)

Сүүлийн үед замын хөдөлгөөнд цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурронтой зорчигчдын тоо нэмэгдэж үүнийг дагасан аюулгүй байдал, эрсдэлийн асуудлууд үүсч, цаашлаад ослын тохиолдлууд багагүй бүртгэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна[1]. Иймд эдгээр шинэ зорчигчдод зориулан замын хөдөлгөөнд оролцохдоо ямар дүрэм, журам баримтлах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд хуульд заасан ямар хариуцлага хүлээх талаар энэхүү цуврал мэдээллийг хүргэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, суррон нь тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд түүнийг унаж болон хөтөлж яваа хүн нь тээврийн хэрэгслийн жолооч болно. Иймд тус жолооч нь Замын хөдөлгөөний дүрэм (цаашид “ЗХД” гэх)-ийг баримтлах үүрэгтэй.

Тус ЗХД-д цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурронд тавигдах шаардлага, замын хөдөлгөөнд оролцох дүрэм, журмыг тусгайлан зохицуулаагүй ба тээврийн хэрэгслийн тодорхойлолтоос авч үзвэл тэдгээрийг мопедтой адилтган үзэж болохоор байна. Тухайлбал, мопед нь 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгсэл юм. Иймд, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурроны хөдөлгүүрийн хүчин чадал дурдсан хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд мопедын нэгэн адил замын хөдөлгөөнд оролцох журамтай байна.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурроны онцлог, шинж байдлыг харгалзан зарим тохиолдолд ЗХД-д заагаагүй нэмэлт шаардлага тавьж байна. Ийнхүү ЗХД болон Тээврийн цагдаагийн албанаас гаргаж буй шаардлага, зөвлөмжийг нэгтгэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурроны замын хөдөлгөөнд баримтлах нийтлэг дүрэм, журмыг эхний цувралаараа танилцуулж байна. (Эдгээр тээврийн хэрэгслийн жолооч та анхаарлаа нааш хандуулаарай.) Үүнд:

  1. Насны хязгаарлалт: ЗХД-ээр мопедыг 16 насанд хүрээгүй хүн жолоодохыг хориглодог боловч Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурроныг 18 насанд хүрсэн зорчигч унаж замын хөдөлгөөнд оролцохыг мэдээлж байна[2]. Иймд, 18-аас доош насны зорчигч нь цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, суррон унаж замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.
  2. Зорчих хэсэг: ЗХД-д зааснаар мопедыг зориулалтын унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ, дурдсан тохиолдолд замын баруун захаар зорчино. Тодруулбал:
  • Унадаг дугуйн зам гэж унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий зам, замын хэсгийг ойлгоно. Унадаг дугуйн зам нь бусад замаас хийцийн хувьд салангид буюу замын зорчих хэсэг, явган хүний замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсхүл явган хүний зам дээр явган зорчигчийн хөдөлгөөн явагдах хэсгээс тэмдэглэлээр зааглагдсан буюу гадаргуугийн өнгө, төрлөөр ялгаатай байна. Зургийг энд дарж үзнэ үү. 
  • “Унадаг дугуйн эгнээ” гэж зорчих хэсэг дээрх унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий эгнээг олгоно. Унадаг дугуйн эгнээ нь зорчих хэсгийн бусад эгнээнээс тэмдэглэлээр зааглагдсан байна. Зургийг энд дарж үзнэ үү. 
  • Мөн (i) унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд (ii) ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол (iii) зохион байгуулалттай цуваагаар яваа үед зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно. Зургийг энд дарж үзнэ үү. 
  1. Хурд:
  • Хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.
  • Тууш замд явахыг хориглоно.
  1. Аюулгүйн хамгаалах хэрэгсэл: Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх шаардлагатай. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Тээврийн цагдаагийн албанаас жолоочийг нэмэлтээр гар, хөлийн хамгаалалт хэрэглэхийг зөвлөж байна.
  2. Техникийн шаардлага: Тээврийн хэрэгслийн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна. Жолооч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах бөгөөд Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтад дурдсан доголдолтой тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. Мөн Тээврийн цагдаагийн албанаас хонх, гэрэлтүүлэггүй цахилгаан скүүтер, цахилгаан дугуйнд нэмэлт тоноглол суурилуулахыг зөвлөж байна.
  1. Зогсоолд тавих:6.б, 7.6.в, 7.6.е-7.6.и нэмэлт тэмдэг бүхий зогсоолд зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр гаргаж (унуулж) зогсоохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэрийг эндээс үзнэ үү.
  2. Замын хөдөлгөөний бусад дүрэм:
  • Мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.
  • Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.
  • Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
  • Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.
  • Өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.
  • Унадаг дугуй, мопедын жолоочид (i) зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох, (ii) залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах, (iii) унадаг дугуй, мопедын овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх, (iv) зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх, (v) 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх, (vi) өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг тээвэрлэх, (vii) зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэхийг хориглоно.

Замын хөдөлгөөний бусад дүрэм, журмыг Замын хөдөлгөөний дүрмээс энд дарж үзнэ үү. 

[1] https://transportation.police.gov.mn/a/4725

[2] https://transportation.police.gov.mn/a/4760