ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ЗАРИМ ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД III (Зайнаас ажиллах тухай)

2023-11-01

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ЗАРИМ ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД III  (Зайнаас ажиллах тухай)

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын удаах нийтлэлээ уншигч та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн нийтлэлээр бид Хөдөлмөрийн хуульд шинээр орж ирсэн “зайнаас ажиллах” гэх ойлголт болоод хуульд хэрхэн тусгагдсан талаарх товч нийтлэлээ бэлтгэн хүргэж байна.   

Цар тахлын улмаас хүмүүс нийгмийн харилцаанд олноор оролцох боломжгүй болсон цаг үед хууль тогтоогчоос ажилтнуудад зайнаас хөдөлмөр эрхлэх боломжийг олгож Хөдөлмөрийн хуульд шинээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн Гуравдугаар дэд бүлэгт ажилтан болон ажил олгогчид нь зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хуульчилсан.  

Зайнаас ажиллах гэдэг нь ажил олгогчийн ажлын байрнаас өөр газар ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхийг ойлгоно. Түүнчлэн зайнаас ажиллах ойлголтыг Хөдөлмөрийн хуульд шинээр оруулсан гэрээс ажиллахаас ялган ойлгох нь зүйтэй. Гэрээс ажиллах гэдэг нь илүүтэйгээр биений хүчний ажил (хувцас, эсгий оёх, савлагаа хийх, бүтээл угсрах зэрэг)-ыг гүйцэтгэхэд хамаардаг бол зайнаас ажиллах нь оффисын ажилтанд хамаарна.  

Ажил олгогч нь зайнаас ажиллах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дараах нөхцлүүдийг гэрээнд заавал тусгасан байх шаардлагатай.  Тухайлбал: 

  1. ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг
  2. ажил үүрэг гүйцэтгэх байршил
  3. цалин хөлсний хэмжээ
  4. хөдөлмөрийн нөхцөл
  5. гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр
  6. ажилтан нь өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглан ажил гүйцэтгэх эсэх. Хэрэв тийм бол ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ

Мөн нэмэлтээр ажилтны ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, цаг бүртгэл, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, албан тушаалд тавигдах шаардлага зэрэг нөхцлийг нэмэлтээр тусгаж болно. Зайнаас ажиллах ажилтан нь ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусад ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба хөдөлмөрийн хуулийн бусад заалт хүчин төгөлдөр үйлчлэх юм.  

Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой боловч амьдралын шаардлагаар хүүхдээ харан гэртээ байдаг аав, ээжүүд, гадуур гарахад хүндрэл бэрхшээлтэй байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эсхүл үндсэн ажлаас гадуур нэмэлт орлоготой байх хүсэлтэй хүмүүс, цагт баригдахгүй чөлөөт байдлаар ажиллах болон өөрийнхөө хамгийн бүтээмжтэй байдаг газраасаа ажиллах хүсэлтэй хүмүүсийн тодорхой асуудлыг шийдвэрлэсэн ач холбогдолтой зохицуулалт болсон.   

Хэрэв та бүхэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар зайнаас ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж буй бол www.igeree.mn сайтаас мэдээлэл авна уу.