Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт 2 - Ээлжийн амралт

2020-09-21

Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт 2 - Ээлжийн амралт
  1. Ээлжийн амралтыг ажилтан бүр авах уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлд зааснаар хөдөлмөр эрхэлдэг бол ажилтан бүрд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.

  1. Ээлжийн амралтын хугацаа хэд хоног байдаг вэ?

Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т заасны дагуу ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байна. Насанд хүрээгүй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй ажилтны үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно. Нэмэгдэл амралт нь 6-10 жилд ажлын 3 өдөр; 11-15 жилд ажлын 5 өдөр; 16-20 жилд ажлын 7 өдөр; 21-25 жилд ажлын 9 өдөр; 26-31 жилд ажлын 11 өдөр; 32 ба түүнээс дээш жилд ажлын 14 өдөр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл үндсэн ажлын 15 хоног дээр нэмэгдэл ажлын хоног нэмэгдэнэ гэсэн үг.   

  1. Анх ажилд орсноос хэдэн сарын дараа ээлжийн амралтаа авч болох вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-т заасны  дагуу ээлжийн амралтыг ажилтан жил бүр эдлэх ёстой. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 7-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна. Тэгэхээр та хөдөлмөрийн дотоод журмаасаа ээлжийн амралт авах эрх үүсэх хугацаагаа хараарай. Төрийн байгууллагад анх удаа ажиллаж буй тохиолдолд 11-с дээш сар ажилласан бол ээлжийн амралт авах эрх үүснэ. 

  1. Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.1-д  зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.

-----оОо------

Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй энэхүү iGeree төсөл нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү оновчтой байдлаар хүргэх дэвшилтэт технологид суурилсан эрх зүйн цогц платформ юм. Бид төслийн эхний шатанд хөдөлмөрийн эрх зүйн баримт бичиг (хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн тушаал)- үүдийг цахимаар боловсруулах онлайн платформыг ашиглалтад оруулаад байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг www.igeree.mn-с авна уу.