Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт

2020-08-18

Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт

    1. Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн нөхцөлийг тусгахаа мартсан байна. Яах вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно. Үүнд:

  • ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  • ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
  • үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
  • хөдөлмөрийн нөхцөл.

Мөн 21.3-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Иймд хөдөлмөрийн нөхцлийг тусгаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцохгүй.

     2. Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.

    3. Ажлаас халах тушаалд ямар ямар зүйлүүд заавал тусгасан байх шаардлагатай вэ?

Ажлаас халах тушаалд хэний санаачилгаар цуцалж буйгаа хөдөлмөрийн хуулийн зүйл, заалтыг оруулах, мөн ажлаас халж байгаа үндэслэлээ хуулийн зүйл заалттайгаар оруулах ёстой.

    4. Би 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон ба тасралтгүй 11 сар ажиллаад ээлжийн амралт авах тухай хүсэлтийг компанийн захиргаанд тавьсан. Компаний захиргаанаас ээлжийн амралт өгөх бололцоогүй, хөдөлмөрийн гэрээнд ч энэ тухай заагаагүй, манайх 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай тул танай улсын Хөдөлмөрийн хууль үйлчлэх шаардлагагүй гэсэн. Ингэж болох уу? 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Иймд Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль тогтоомж тус хуулийн этгээдэд үйлчлэх тул ээлжийн амралт олгох ёстой.

-----оОо------

Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй энэхүү iGeree төсөл нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү оновчтой байдлаар хүргэх дэвшилтэт технологид суурилсан эрх зүйн цогц платформ юм. Бид төслийн эхний шатанд хөдөлмөрийн эрх зүйн баримт бичиг (хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн тушаал)- үүдийг цахимаар боловсруулах онлайн платформыг ашиглалтад оруулаад байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг www.igeree.mn-с авна уу.